Энэтхэгчүүд Турк, Азербайжан руу хийх аяллаа яагаад цуцалж байна вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-15
Энэтхэг, Пакистаны хооронд саяхан болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Турк, Азербайжан улс Пакистаныг дэмжсэн явдалд энэтхэгчүүд дургүйцлээ илэрхийлж, тус хоёр орон руу хийх аяллаа ээлж дараалан цуцалж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Турк, Азербайжан улс нь Энэтхэгийн жуулчид олноор очдог, нэг ёсондоо хямдхан амралтын газар байсаар ирсэн юм. Өнгөрсөн онд гэхэд Энэтхэгийн 287 мянган иргэн Турк, 243 мянган жуулчин Азербайжанд зорчжээ. Энэтхэгийн аялал жуулчлалын “MakeMyTrip” агентлагийн ажилтаны хэлснээр, Турк болон Азербайжан руу аялах захиалга энэ сард 60 хувиар буурч, захиалга олноор цуцлагдаж байгаа аж. Түүгээр үл барам Энэтхэгийн зарим аялал жуулчлалын газар Пакистаны холбоотон Хятад, түүнчлэн Турк, Азербайжан руу аялах захиалгыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал Харьяна мужийн аялал жуулчлалын “Ixigo” портал сайт Турк, Азербайжан, Хятад руу хийх нислэг болон зочид буудлын захиалгыг түр зогсоож байгаагаа мэдэгджээ. Аялал жуулчлалын “IzmayTrip” платформыг үүсгэн байгуулагч Нишант Пити “Эдгээр орон Пакистаныг ил цагаан дэмжиж байгаа тул бид тэдний аялал жуулчлалын салбар, эдийн засагт хувь нэмэр оруулах шаардлагагүй” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.